2010/04/07

ЭЛЧИН САЙД ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙВ



Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд О.Дамбийням Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг угтан Польшийн хэвлэл мэдээллийн ПАП Агентлагийн байранд 2010 оны 3 дугаар сарын 29-нд хэвлэлийн бага хурал хийж, Польшийн радиод ярилцлага өгөв.

Хурлын үеэр Элчин сайд О.Дамбийням хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөөгийн байдал, цаашдын төлөв, боломжийн талаар дэлгэрэнгүй ярьж, сурвалжлагчдын асуултад хариулав. Хэвлэлийн бага хуралд оролцогчид Монгол, Польшийн бизнесийн харилцаа, тээврийн асуудлыг хэрхэн зохицуулах, аялал жуулчлал хөгжүүлэх боломж, хоёр талын соёлын харилцааг өргөтгөх, монгол морь, айраг зэргийн талаар сонирхохын зэрэгцээ өөрсдийн санаа бодлоо илэрхийлэв.
Хэвлэлийн бага хуралд ПАП хэвлэл мэдээллийн Агентлаг, Польшийн телевиз, Польшийн Радио, Радио ПиН102, “Амбасадор”, “Швиат Элит”, “Столица”, “Тур бизнес”, “Порадник домовы”, “Соншеджы”, “Плюс бизнесү” “Иджемы” зэрэг сонин сэтгүүл, Onet.pl интернет портал, “Польшийн хэвлэл мэдээллийн холбоо” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын олон арван төлөөлөгчид оролцов.
Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын соёл, уламжлалыг хариулсан зурагт хуудсууд байрлуулж, өөрийн орны улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, зан заншил, уламжлалын тухай Польш Улсад суугаа Монголын ЭСЯ, Польш дахь Монголчуудын Холбооноос хамтран 60 жилийн ойд тусгайлан бэлтгэсэн англи, польш хэлээрх сонинг оролцогчдод тарааж, хүлээн авалт зохион байгуулав.

No comments: