2008/05/07

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

БНХАУ-ын олон муж, хотод, түүний дотор Бээжинд бага насны хүүхдийн дунд “EV (entervirus) 71” гэх нянгийн халд-вараас үүдсэн амь насанд нэн аюултай өвчин огцом хурдтай тархаж байна. Ийм халдвар авсан хүүхэд халуурч гарын сарвуу, хөлийн ул, амны хөндийд цэврүү үсэрч, тууралт үүсдэг, даамжирвал энэ нь нүүрний хэсэгт тархаж, уушиг устах, булчин, шөрмөс ажиллагаагүй болох, чичрэг, менингит тусах, улмаар амь насаа алдахад хүргэдэг байна.

Өчигдрийн байдлаар тус улсын нийслэлээс бусад газар ийм халдвар авсан 4529 тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлж байсан бол өнөөдөр 11095 хүүхэд өвчилснөөс 26 нь нас барсан, Бээжин хотод л гэхэд 1482 гаруй хүүхэд өвчил-сөн, түүний дотор манай ЭСЯ, манай хүүхдүүдийн явдаг сургууль, цэцэрлэг байрладаг Чаоян дүүрэгт 279 хүүхэд өвчлөөд байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлж байна. Иймд хотын захиргаанаас нийслэлийн хүүхэд саатуулах газар, цэцэрлэг, бага сургуулийг түр хаах уриалга гаргаад байна. Энэ өвчин бага насны хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдэд халддаг нь тодорхой болжээ. Энэ сарын 4-ний өдөр БНХАУ-ын Эрүүлийг хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж энэ өвчнийг таслан зогсоох, цаашид тарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлж байна.

Иймд Монгол Улсын Элчин сайдын яамнаас өөрийн иргэдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
1. Энэ өвчин агаар, дуслын замаар болон бохир гар, түүнчилэн шүлс, ялгадас, хөлсөөр дамжин тарж байгаа тул хүүхдээ болзошгүй халдвар авахаас сэргийлж, дэлгүүр, хоолны газар, тоглоомын талбай, үзвэр, үйлчилгээний зэрэг олон нийтийн газраар явуулахгүй, ялангуяа нийтийн бие засах газар оруулахгүй байх, нийтийн зориулалттай зайрмаг, ундаанаас зайлсхийх;
2. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулах эсэхээ зөвлөлдөж шийдэх;
3. Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн анхан шатны шаардлагыг сахиулан, гэр орондоо агаар оруулж, хлорамины 3 %-ийн уусмалаар цэвэрлэгээ хийж, хаалганы бариулыг ариутган, хүүхдийн гар, хөл, амыг байнга угаалгаж хэвшүүлэх;
4. “EV 71” нян нь бүх улсад байдаг, дулааны улиралд идэвхждэг тул эх орондоо байгаа өөрийн хамаатан саданд хүүхдээ БНХАУ-д авч ирэхгүй байхыг зөвлөх;
5. Хүүхэд чинь халуурах, гар хөлөөр нь тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрмэгц тэр даруй эмнэлэгт хандахыг зөвлөж байна.



МОНГОЛ УЛСААС БНПУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2008. 05. 07

No comments: