2010/02/08

Польш, Вьетнам, Казакстан, Унгарт суралцах хүсэлтэй хүмүүсийг бүртгэнэ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр ба соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд Бүгд найрамдах Польш улс /БНПУ/, Бүгд найрамдах социалист Вьетнам улс /БНСВУ/, Бүгд найрамдах Казакстан /БНКазУ/, Бүгд найрамдах Унгар улс /БНУУ/-д суралцах оюутан, магистрантуудыг сонгон шалгаруулах шалгалт энэ сарын 23-ны өдрөөс эхэлнэ. БНПУ-д барилга, инженер, уул уурхайн мэргэжлээр тус бүр гурав, эрчим хүч , эдийн засгийн мэргэжлээр тус бүр хоёр, мэдээллийн технологи , боловсрол судлалын мэргэжлээр тус бүр нэг, нийт 15 оюутан суралцуулах юм байна.

БНСВУ-д 12 оюутан сургана. Үүнд эдийн засаг, инженер, хүнсний технологи, мэдээллийн технологи , олон улсын харилцаа, хөдөө аж ахуй , эм зүй , аялал жуулчллын мэргэжлээр суралцуулахаар болжээ. БНКазУ-д дөрөв, -БНУУ-д хоёр оюутан суралцуулахын дээр урьд нь БНУУ-д бакалавр эсвэл магистрийн боловсрол эзэмшсэн хүмүүст мэргэжил дээшлүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог ажээ. Мэргэжил дээшлүүлэгч нь биотехнологи, малын эмч, согог зүйн мэргэжилтэй байхаар гэрээнд заасан юм байна. Түүнчлэн Унгар улсад биотехнологи, малын эмчийн мэргэжлээр магистрантурт, биотехнологийн чиглэлээр докторантурт сонгон шалгаруулж суралцуулах юм байна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нэг хуваарь дээр зургаа хүртэл, дээд сургууль, коллеж гурав хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, бүртгэн, оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.


Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээр бакалавр зэрэгтэй, сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй, 35 хүртэлх насны, харин мэргэжил дээшлүүлэгч нь бакалавр зэрэгтэй, докторантурт суралцах хүмүүс нь магистрийн зэрэгтэй 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. БНУУ-д мэргэжил дээшлүүлэх, магистрантур болон докторантуртын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 402 тоот өрөөнд очиж бүртгүүлэх учиртай юм. Шалгаруулалтыг англи хэл, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр чиглэлээр явагдах бөгөөд шалгалтад иргэний үнэмлэхгүй хүмүүсийг оруулахгүй гэдгийг БСШУЯ-наас анхаарууллаа.

www.news.mn

No comments: